“Арсенал”, “Челси” шөвгийн 16-д үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-21

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн 1/16 шигшээ шатны хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английг төлөөлж байгаа хоёр баг энэ шатны хариу тоглолтоо талбайдаа хийж, өрсөлдөгчөө хожсоноор шөвгийн 16-д шалгарч үлдлээ.

“Арсенал” клубын хувьд “БАТЭ”-г талбайдаа хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Эхний тоглолт Беларусийн багийн талбайд болоход “БАТЭ” өрсөлдөгчөө 1:0-ээр хожоод байсан.  Гэвч хариу тоглолтод Лондоны баг илүү байж, нийлбэр дүнгээр 3:1-ээр хожсоноор дараагийн шатанд шалгарлаа.

Тоглолтын 4 дэх минутад зочин багийн хамгаалагч Волков өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Тэгвэл Мустафи 39 дэх минутад нэгийг нэмж, Папастатопулос 60 дэх минутад гүйцээж, багтаа ялалт авчирчээ.

“Челси”-гийн хувьд талбайдаа “Мальмо”-г хүлээж авч, 3:0-ээр хожлоо. Ингэснээр хоёр тоглолтын нийбэл дүнгээр 5:1-ээр хөнгөхөн хожиж, шөвгийн 16-д шалгарлаа.  Энэ удаагийн тоглолтын 55 дахь минутад Жиру тооны харьцааг нээсэн бол Баркли 74 дэх минутад нэгийг нэмжээ. Улмаар Хадсон-Одои 84 дэх минутад гүйцээсэн байна.