Л.Сосорбарам мөнгө, Д.Сумъяа, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-22

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн болж байгаа билээ. Эхний өдөр буюу өчигдөр манайхаас таван бөх гарч барилдсанаас гурав нь медаль хүртлээ.  

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ё.Басхүү хүрэл медаль хүртэж, бэлтгэл сайтай байгаагаа харуулав. Манай бөх С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Гевиней Бисау улсын бөх Сезар Диогог ялсан. Хоёрдугаар тойрогт Алжирын Вайл Эззайныг, гуравдугаар тойрогт Израилийн шилдэг бөх Тал Фликерийг буулгаж авсан. Гэвч хэсгийн аваргын төлөө Оросын Якуб Шамиловт ялагдав. Харин торгуулийн тойрогт Казахстаны Ессет Куановыг ялсан бол хүрлийн төлөө Молдавын шилдэг жүдоч Денис Виеруг ялж, медалийн тавцанд зогслоо. 

Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Л.Сосорбарам энэ удаагийн "Их дуулга" тэмцээний "гэнэтийн бэлэг" байлаа. Манай эхлээд хийсэн. Дараагийн тойрогт Хонгконгийн Цуй Шук Киг ялсан бол удаах тойрогт Туркийн Ирем Коркмазыг буулгаж авсан юм. Улмаар хэсгийн аваргын төлөө Францын Нетог ялсан бол хагас шигшээд Японы Маеда Чишимиг хоёр базаригаар ялж, финалдсан. Аваргын төлөө Косовагийн домогт тамирчин, Олимпын аварга Мажлинда Келмендитэй барилдсан ч ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.  

Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа 57 кг-ын жиндээ барилдаж, хүрэл медаль хүртлээ. Манай бөх хагас шигшээ хүртэл өрсөлдөгч нараа хялбархан ялсан. Гэвч хагас шигшээд Бразилын бөх, "заналт" өрсөлдөгч Рафаэла Силвад шүүгчийн эргэлзээтэй шийдвэрээр ялагдсан юм. Харин хүрлийн төлөө Польшийн Анна Боровскаг ялж, энэ жингийн шилдэг бөх хэвээрээ байгаа гэдгээ харуулав.