Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 гэсэн дунд жингийнхний барилдаан боллоо. Манайхаас 6 бөх дэвжээнд гарч барилдсан ч нэг нь ч медаль хүртэж чадсангүй.
73 кг-ын жинд Г.Одбаяр, Ц.Цогтбаатар гэсэн хоёр шилдэг тамирчин гарч барилдсан ч хоёулаа эрт ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Г.Одбаярын хувьд гуравдугаар тойрогт Японы алдарт бөх Машаши Эбинуматай барилдаж, нэмэлт цагт цэвэр ялагдсан. Тэгвэл Ц.Цогтбаатарын хувьд Тажикстаны бөх Сомон Махмадбековт хоёрдугаар тойрогт ялагдсан юм.
81 кг-д Н.Дагвасүрэн зодоглож, хүрлийн төлөө барилдлаа. Тэрбээр Германы бөх Тимо Кавелусыг торгуулийн тойрогт ялсан ч медалийн төлөө Германы өөр нэг бөх болох Рессел Доминмкт ялагдсан юм. Эмэгтэйчүүдээс дээшээ явж барилдсан бөх гарсангүй. 63 кг-д барилдсан Б.Ганхайч эхний тойрогт Хятадын бөхөд ялагдсан. 70 кг-д зодоглосон хоёр бөх болох С.Лхагвадулам, Б.Баасанжаргал нар нэг, хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.