Испанийн алдарт “Реал Мадрид” клубын дасгалжуулагч Зинедин Зидан ажлаа хүлээлгэн өгч байгаа ажээ. Тэрбээр өчигдөр Мадрид хотод тусгай хэвлэлийн бага хурал хийж, ажлаа өгч буйгаа зарлалаа.
Энэ жил 45 настай дасгалжуулагч 2015-2016 оны улиралд “Реал”-д ирснээсээ хойш гурав дараалж Аваргуудын лигт түрүүлсэн билээ. Мөн Испанийн Ла лигт нэг, Испанийн “Супер цом”-д нэг, Европын супер цомд хоёр, багуудын ДАШТ-д хоёр түрүүлсэн.
Хэвлэлийн хурлын үеэр Зидан "Энэ шийдвэр та бүхэнд хачирхалтай санагдаж байж магадгүй. Энэ баг үргэлжлүүлэн ялалт байгуулж мөн өөрчлөлт хийх хэрэгтэй. Энэ 3 жилийн дараа тэдэнд өөр өнгө аяс, ажлын өөр арга аргачлал хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол миний энэ шийдвэрийг гаргасан шалтгаан.
Би энэ багт хайртай, мөн багийн ерөнхийлөгчид ч гэсэн. Тэр л надад энэ багт тоглох бас дасгалжуулах боломжийг олгосон. Би түүнд мөнхөд талархаж явах болно. Гэхдээ одоо миний хувьд ч бусад хүмүүсийн хувьд ч өөрчлөлт шинэчлэлт хийх цаг болсон" хэмээн ярьжээ.