“Ливерпүүл”, “Сити” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-27

Английн премьер 28 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ливерпүүл” клуб талбайдаа “Уотфорд”-ыг хүлээж авч, 5:0-ээр бутниргэлээ. Ингэснээр 69 оноотой болж, тэргүүн байраа хадгаллаа.

Тоглолтын 9, 20 дахь минутад Мане дубль хийж, премьер лигт энэ улиралд 14 гоолтой болж ирлээ. Тэгвэл 66 дахь минутад Ориги нэгийг нэмж, багийнхаа хожилд хувь нэмрээ оруулсан. Улмаар Ван Дейк 79, 82 дахь минутад мөргөж гоолдсоноор “Ливерпүүл”-ийн гоолын тоог ахиулсан юм.

Тэгвэл хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Сити” энэ тойрогт талбайдаа “Вест Хэм”-ийг хүлээж авч, 1:0-ээр хожлоо. Ингэснээр 68 оноотой болж ирлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 59 дэх минутад Агуэро оруулж, 19 гоолтой болсноор мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна.

Бусад тоглолтын үр дүн

Челси 2-0 Тоттенхэм

Кристал Палас 1-3 Манчестер Юнайтед

Арсенал 5-1 Борнмут

Саутгэмптон 2-0 Фүлхэм