"Таэквондо энх тайван нийгэмлэг"-ийн төлөөлөгчид МҮОХ-нд зочиллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-03

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг "Таэквондо энх тайван нийгэмлэг"-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шин Донг Юүн, БНСУ-ын Кёнгдунг их сургуулийн захирал Чүн Сүн Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол улсад таэквондо болон паратаэквондогийн спорт эрчимтэй хөгжиж буйг онцлон өндөр зэрэгтэй тамирчдыг олноор бэлтгэх, материаллаг баазаар хангах болон БНСУ-ын Кёнгдунг их сургуультай хамтран мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар санал солилцов.

"Таэквондо энх тайван нийгэмлэг" нь Дэлхийн таэквондогийн холбооны ивээл дор 2008 онд байгуулагдсан бөгөөд таэквондогийн спорт хөгжиж буй орнуудад өндөр зэрэгтэй дасгалжуулагчдыг илгээж, авьяаслаг залуу тамирчдыг нээн илрүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлдэх, материаллаг баазаар хангах зорилготой сайн дурын байгууллага аж.