Б.Бат-Эрдэнэ аваргын төлөө барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-08

Олиимп, дэлхийн аварга ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриев агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн залуучуудын ОУТ өчигдөр  ОХУ-ын Сахагийн “Триумф” спортын ордонд эхэллээ. Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Тэгвэл  74 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Орхон аймгийн "Ирээдүйн одод" сургуулийн тамирчин ОУХМ Б.Бат-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар боллоо. 

86 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай хүрэл медалийн төлөө, 65 кг-д "Хасу- Мегастарс" клубийн тамирчин О.Сүлдхүү дагаж барилдана. Дагах болон медалийн төлөөх барилдаан өнөөдөр  болох юм. Түүнчлэн өнөөдөр 61, 70, 79, 92, 125 кг- ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болно.