Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриев агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн долоо дахь удаагийн залуучуудын олон улсын тэмцээний хоёр дахь өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан боллоо.
74 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Journeymen Cliff Keen” ОУТ-ий аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв. Харин 86 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга, Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин спортын мастер Энхтүвшингийн Батмагнай хүрэл медаль хүртлээ.
Б.Бат-Эрдэнэ Якутын дэвжээнд шөвгийн наймд АНУ-ын Эмиль Шэнноныг 9:6-гаар, хагас шигшээд Казахстаны Адирхан Амирханылыг оноогоор цэвэр (10:0) ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд Кемеровогийн Дмитрий Купринд 3:5-аар ялагдлаа. Харин Э.Батмагнай хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Алексей Пархоменкаг 9:7-гоор ялснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгав.
Өчигдөр 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болоход манай тамирчдаас 70 кг-д Э.Бямбадорж хүрэл медалийн төлөө шалгарч үлдсэн. , Харин Э.Төгсжаргал дагах барилдаан хийнэ. Өнөөдөр эдгээр жингийн медалийн төлөөх барилдаанууд болох юм.