“Челси” тэнцэж, “Арсенал” талбайдаа “Манчестер Юнайтед”-ыг хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-10

Английн премьер лигийн 30 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд боллоо. Энэ тойрогт “Челси” клуб талбайдаа “Вулверхэмптон”-ыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр “Челси” 57 оноотой болж, зургадугаар байрт хэвээр үлдэв. Харин “Вулверхэмптон” 44 оноотой болж, 7 дугаар байртаа хэвээр үлдлээ.

Тоглолтын 56 дахь минутад Рауль Хименес гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэрбээр энэ тойрогт нэгийг оруулснаар 12 гоолтой болж ирлээ. Тэгвэл 90 дэх минутад Азар тэнцүүлж, “Челси”-г хожигдлоос аварсан юм. “Цэнхэрүүд”-ийн хувьд нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Тэр тоглолтдоо хожиж чадвал 60 оноотой болж, дөрөвдүгээр байр руу орж ирэх боломжтой.

Харин “Арсенал” талбайдаа “Манчестер Юнайтед”-ыг хүлээж авсан тоглолт энэ тойргийн шилдэг нь байлаа. Топ дөрөвт багтахын төлөө өрсөлдөж байгаа хоёр багийн хувьд хожил ус, агаар мэт хэрэгтэй байсан. Тэгвэл талбайн эзэн “Арсенал” клуб энэ тоглолтод хүчтэй өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч, 3 оноотой болсноор дөрөвдүгээр байр руу орж ирлээ.

“Их буучид” 60 оноотой болж ирснээр гуравдугаар байрт бичигдэж байгаа “Тоттенхэм”-ээс ердөө нэг оноо л алдаж эхэллээ.  Энэ удаагийн тоглолтын 12 дахь минутад Жака гоолдож, тооны харьцааг нээсэн.  Харин 69 дэх минутад Обамеянг нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ.