“Манчестер Сити” шөвгийн дөрөвт үлдэж, “Манчестер Юнайтед” мултарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-16

“FA Cup” тэмцээний ¼ шигшээн эхний тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө “Манчестер Сити” клуб “Суонси”-гийн талбайд зочилж, 2:3-аар буулгаж авснаар шөвгийн дөрөвт шалгарч байна. Английн цомд түрүүлсэн “Сити” ийнхүү дотоодын хоёр цомын тэмцээнд түрүүлэх өндөр магадлалтай болж ирлээ.

Тоглолтын 20 дахь минутад Граймз торгуулийн цохилтоос гоолдож, “Соунси” тэргүүлж эхэлсэн. Улмаар Целина 29 дэх минутад нэгийг нэмж, тэргүүллээ баталгаажуулсан юм. Гэвч “Сити” том багийн зангараг харуулж, нэхэж гурван гоол оруулсан. Бернарду Силва 69 дэх минутад нэгийг оруулсан бол “Хунгууд”-ын хамгаалагч Нордфельдт 78 дахь минутад авто гоол оруулж, тооны харьцаа тэнцсэн. Тэгвэл 88 дахь минутад Агуэро нэгийг оруулснаар багаа шөвгийн дөрөв рүү орууллаа.

Манчестер хотын нөгөө баг “Манчестер Юнайтед” энэ шатанд “Вулверхэмптон”-д 2:1-ээр хожигдлоо. Өмнөх шатанд “Челси”-г мулталж гарч ирсэн “Улаан чөтгөрүүд” ийнхүү шөвгийн наймаас мултарч байна. Тоглолтын 70 дахь минутад Рауль Хименес гоолдсон бол Диого Жота 76 дахь минутад нэгийг нэмжээ. “Манчестер Юнайтед”-аас 90 дэх минутад Рэшфорд гоолдож, нэр төрөө аварлаа.

Мөн энэ шатанд “Уотфорд” клуб талбайдаа “Кристал Палас”-ыг 2:1-ээр буулгаж авснаар шөвгийн дөрөв рүү орж ирлээ. Өнөө шөнө “Миллуолл” клуб “Брайтон”-ыг талбайдаа хүлээж авна. Хожсон нь шөвгийн дөрөвт шалгарах юм. Премьер лигийн  том багуудаас “Сити” л ганцаараа шөвгийн дөрөвт үлдээд байна.