ОХУ-ын Екатеринбург хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын барилдаан болно.
Эрэгтэйчүүдийн 90 кг-д Э.Мөнхжаргал барилдана. Манай бөх эхний тойрогтоо Недерландын Жеспер Сминктэй барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл 100 кг-п Л.Отгонбаатар, Б.Түвшинтөгс нар зодоглож байгаа юм. Залуу жүдоч Б.Түвшинтөгсийн хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Армены Михайл Минчинтэй оноолт таарлаа.
Тэгвэл дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар D хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо Киргизстаны Керим Казатовтай оноолт таарлаа. +100-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар барилдана. Ө.Дүүрэнбаяр А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Казахстан болон Киргизстаны бөхчүүдийн ялсантай нь барилдана. Б.Тэмүүлэнгийн хувьд C хэсэгт багтаж, эхний тойрогтоо Германы бөх Свен Хейнлитэй барилдахаар оноолт таарлаа.
-78 кг-ын жинд Ш.Сэржмядаг барилдаж байгаа. Манай бөх А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Их Британийн Наталиа Повеллтэй барилдана. +78-д барилдаж байгаа Б.Мөнхтуяагийн хувьд эхний тойрогтоо Их Британийн Сара Адлингтонтай барилдахаар оноолт таарлаа.