Чөлөөтийн эрэгтэй баг Дэлхийн цомд зургадугаар байрт шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-16

Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутын “Триумф” спорт цогцолборт боллоо. 46 дахь удаагийн тэмцээнд ОХУ, АНУ, Иран, Монгол, Япон, Гүрж, Куба, Турк гэсэн өнгөрсөн жилийн Унгарын нийслэл Будапештэд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д эхний найман байрт орсон багууд өрсөлдөв.

Дэлхийн цомд 11 дэх удаагаа хүч үзсэн Монгол Улсын шигшээ баг “В” хэсэгт Иранд 1:9-өөр, АНУ-д 2:8-аар ялагдаж, Гүржийг 5:5-аар ялснаар хэсгээсээ гуравдугаар байр эзэлсэн. Улмаар дөнгөж сая тавдугаар байрын төлөө Дэлхийн цомын хоёр мөнгө, зургаан хүрэл медальт Кубын шигшээ багтай хийж 4:6-гаар ялагдлаа.

Манайхнаас “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 23 хүртэлх насны дэлхийн аварга Рейнери Ортегаг 2:1-ээр, Б.Батмагнай Алехандро Вальдесийг 10:0-ээр, ОУХМ Б.Бат-Эрдэнэ Коломбат Ривераг цэвэр, ОУХМ О.Үйтүмэн Пан Америкийн хошой аварга Юриески Торребланкаг 4:4-өөр тус тус яллаа. Манай бөхчүүдээс 86 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Үйтүмэн Якутын дэвжээнд нийт дөрвөн барилдан хийснээс гуравт нь ялалт байгуулсан.

ТАВДУГААР БАЙРЫН БАРИЛДААНЫ ҮР ДҮН
МОНГОЛ - КУБА 4:6
57 кг: ТҮМЭНБИЛЭГИЙН ТҮВШИНТУЛГА - Рейнери Ортега 2:1
61 кг: Гансүхийн Отгонбаатар - Йовлис Бонне 2:3
65 кг: БАТЧУЛУУНЫ БАТМАГНАЙ - Алехандро Вальдес 10:0
70 кг: Энхбаярын Бямбадорж - Франклин Кастильо 0:4
74 кг: БЯМБАСҮРЭНГИЙН БАТ-ЭРДЭНЭ - Коломбат Ривера цэвэр ялсан
79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж - Рейнери Перес Абреу 0:10
86 кг: ОРГОДОЛЫН ҮЙТҮМЭН - Юриески Торребланка 4:4
92 кг: Баасанцогтын Өлзийсайхан - Лазаро Даниэль Эрнандес 0:11
97 кг: Өлзийсайханы Батзул - Рейнерис Салас 0:2
125 кг: Доржхандын Хүдэрбулга - Оскар Пино Индс 2:5