“Ливерпүүл” хожиж, “Челси” хожигдлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-17

Английн премьер лигийн 31 дүгээр тойргийн зарим тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт “Ливерпүүл” клуб “Фүлхэм”-ийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа.  Ингэснээр 76 оноотой болж, хүснэгтийн тэргүүн байрт гарч ирэв.

Тоглолтын 26 дахь минутад Мане энэ улирлын премьер лигийн 17 дахь гоолоо оруулсан. Гэвч Алиссон болон Ван Дейк нарын бүдүүлэг алдааг Райн Бабел 74 дэх минутад гоолдож, тэнцүүлсэн. Харин Милнер 81 дэх минутад торгуулийн цохилтоос гоолдож, багтаа бүтэн оноо авчирлаа.

Дөрөвдүгээр байрын төлөө өрсөлдөж байгаа “Челси” клуб энэ тойрогт “Эвертон”-ы талбайд зочилж, 2:0-ээр хожигдлоо. Ийнхүү “Цэнхэрүүд” 57 оноотой хэвээр үлдэж, 6 дугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 49 дэх минутад Ришарлисон гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь 72 дахь минутад Сигурддсон нэгийг нэмсэн юм. Хоёр хөлбөмбөгч хоёулаа энэ улиралд премьер лигт 12 гоол оруулаад байна.