Европын аваргын урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн ихэнх тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө J хэсэгт багтсан Италийн шигшээ баг талбайдаа Лихтенштейнийг хүлээж авч, 6:0-ээр бутниргэлээ. Ингэснээр 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна.
Тоглолтын 17 дахь минутад Стефано Сенси гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 32 дахь минутад Верратти нэгийг нэмсэн бол 35, 45 дахь минутад Куальярелла торгуулийн цохилтоос хоёрыг оруулжээ. 45 дахь минутад Лихтенштейний хамгаалагч Даниэль Кауфманн улаан хуудас авч, тоглолтын хувь заяа нэгэнт шийдэгдсэн. Түүний дараа 69 дэх минутад Мойзе Кин, 76 дахь минутад Паволетти нар нэг нэгийг нэмж, багийнхаа хожилд хувь нэмрээ оруулжээ.
Энэ хэсэгт багтсан Боснийн шигшээ баг талбайдаа Грекийг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр хоёулаа 4 оноотой болж, хэсгийн хоёр, гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 10 дахь минутад Вишча, 15 дахь минутад Пьянич нар нэг нэгийг оруулж, Босни тэргүүлж эхэлсэн. Гэвч 64 дэх минутад Фортунис торгуулийн цохилтоос тэнцүүлж, Коловос 85 дахь минутад тэнцүүлжээ.
Эхний тоглолтдоо хожигдоод байсан Финланд хоёр дахь тоглолтоо Арменийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Тоглолтын 14 дэх минутад Йенсен тооны харьцааг нээсэн бол Сойри 78 дахь минутад нэгийг нэмжээ.