“Ливерпүүл” энэ улирлын 24 дэх хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-31

Английн премьер лигийн 32 дугаар тойргийн зарим тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Ливерпүүл” клуб талбайдаа “Тоттенхэм”-ийг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 79 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж байна. “Сити” нөхөн тоглолтоо хийх хүртэл “Улаанууд” тэргүүн байраа хадгална.

Тоглолтын 16 дахь минутад Фирмино энэ улирлын премьер лигийн 12 дахь гоолоо оруулсан. Тэгвэл 70 дахь минутад Лукас Моура тэнцүүлж дөнгөсөн юм. Харин 90 дэх минутад Салахын мөргөсөн бөмбөгийг Тоби Алдервейрелд өөрийнхөө хаалганд оруулснаар “Улаанууд”-д гурван оноо бэлэглэсэн юм.

Тэгвэл “Челси” клуб энэ тойрогт “Кардифф”-ын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авснаар 60 оноотой болж ирлээ. Гэхдээ зургадугаар байраасаа хөдөлсөнгүй. Тоглолтын 46 дахь минутад Камараса гоолдож, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Гэвч 84 дэх минутад Аспиликуэта отон тоглолтоос гоол оруулж, тэнцүүлсэн бол Лофтус-Чик 90 дэх минутад хожлын гоол оруулжээ.