Испанийн Ла лигийн 30 дугаар тойргийн тоглолтууд долоо хоногийн дундуур болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб “Вильярреал”-ын талбайд зочилж, гал гарсан тоглолтын дараа 4:4-өөр тэнцлээ. Тэр дундаа “Барселона” шүүгчийн мэдлийн цагт гоолдож, тэнцсэн юм.
Тоглолтын 12 дахь минутад Коутиньо гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Малком 16 дахь минутад нэгийг нэмсэн. Түүний дараа талбайн эзэд дөрвөн гоолоор хариу барьсан юм. 23 дахь минутад Чуквуэзе гоолдсон бол Токо-Экамби 50 дахь минутад тэнцүүлжээ. Улмаар Иборра 62 дахь минутад нэгийг нэмж, Бакка 80 дахь минутад багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан байна.
Бүх зүйл “Вильярреал”-ын талд шийдэгдэх өндөр магадлалтай байхад Месси 90 дэх минутад тооны харьцааг ойртуулсан. Улмаар 90+3 дахь минутад Суарез нэгийг нэмж, багтаа тэнцээ авчирсан юм. Ийнхүү “Барса” 30 тойргийн дараах байдлаар 70 оноотой хүснэгтийг тэргүүлж байна.
Бусад тоглолтыг үр дүн
Атлетико 2-0 Жирона
Эспаньол 1-1 Хетафе