Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг илт тасархай тэргүүлж байгаа “Ювентус” клубын хагас хамгаалагч Криштиано Роналдо өөрийн тогтоосон дээд амжилтуудыг шинэчилсээр байна. Тэрбээр Аваргуудын лигийн энэ улирлын ¼ шигшээн учраа болох “Аякс” клубтэй баг нь эхний тоглолтоо хийж, 1:1-ээр тэнцэхэд нэг гоол оруулсан.
Ингэснээр Аваргуудын лигт 161 тоглолтод 125 гоол оруулж, гоолынхоо тоог нэмсээр байна. Түүний тогтоосон энэ амжилтад хүрэх тоглогч ойрын жилүүдэд гарч ирэхгүй биз ээ. Мөн Роналдо шөвгийн наймын шатанд нийтдээ 24 гоол оруулж, өөрийнхөө амжилтыг ахиуллаа. Тэрбээр ¼ шигшээ шатанд сүүлийн 12 тоглолтод 16 гоол оруулаад байна. Түүнтэй хамгийн ойрхон дөхөж очих амжилтыг Раул болон Месси нар л үзүүлжээ. Тэд энэ шатанд 10 гоол оруулсан юм. Тэр дундаа Месси сүүлийн 6 жил ¼ шигшээ шатанд гоолдож чадаагүй явна.
Өөр нэг сонирхолтой үзүүлэлт нь, Роналдо Аваргуудын лигийн хүрээнд “Аякс”-ын хаалганд 6 тоглолтод 8 гоол оруулжээ. Сүүлийн 3 тоглолтод 6 гоол оруулсан нь энэ багийн эсрэг ямар сайн тоглодог вэ гэдгийг харуулж байна. Зөвхөн “Ювентус” болон “Байерн Мюнхэн” клубүүд “Аякс”-ын хаалганд Роналдогоос илүү буюу 10 гоол оруулж байж.