“Ливерпүүл”, “Манчестер Сити” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-14

Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн хамгийн анхаарал татсан хоёр тоглолт өчигдөр орой боллоо. Түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Сити” энэ тойрогт “Кристал Палас”-ын талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 83 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдсэн хэвээр байна.

Тоглолтын 15, 63 дахь минутад Стерлинг хоёр гоол оруулж, багтаа тэргүүлэл авчирсан. Харин 81 дэх минутад Миливоевич гоолдож, тооны харьцааг ойртуулсан. “Кристал Палас”-т тэнцүүлэх найдвар үлдэж, довтолгоогоо эрчимжүүлсэн ч арын хамгаалалт суларсныг Жезус ашиглаж, 90 дэх минутад багийнхаа гурав дахь гоолыг оруулсан юм. “Сити”-гийн хувьд нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Тэд нөхөн тоглолтоо “Манчестер Юнайтед”-тай хийнэ. Хожвол хүснэгтийг тэргүүлэх боломжтой.

Тэгвэл “Ливерпүүл” энэ тойрогт “Челси”-г талбайдаа хийж, түрүүлэх өрсөлдөөнд хамгийн чухал нөлөө үзүүлэхүйц тоглолтоо хийлээ. Хожигдох юм уу оноо алдвал түрүүлэх боломжоо бараг л алдах байсан. Тиймээс “Улаанууд” тоглолтын эхнээс л эрчимтэй довтолж, хүчтэй өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч чадлаа.  Ингэснээр 85 оноотой болж, хүснэгтийн тэргүүн байрт бичигдсэн хэвээр үлдэв.

Тоглолтын 51 дэх минутад Мане премьер лигийн энэ улирлын 18 дахь гоолоо оруулсан. Тэгвэл Салах 53 дахь минутад гайхалтай нэгэн гоолыг оруулж, “Челси”-гийнхнийг дуугүй болгосон. Ийнхүү тэрбээр 19 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг Агуэрогийн хамтаар тэргүүлж байна.