Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээ шатны дөрвөн багийн нэр тодорлоо. Өнгөрсөн шөнө Английн алдарт “Ливерпүүл” клуб Португалын “Порто”-гийн талбайд зочилж, хариу тоглолтоо хийлээ.
Эхний тоглолт Англид болоход “Ливерпүүл” 2:0-ээр хожсон. Тэгвэл хариу тоглолтыг Португалд хийж, “Порто”-г талбайд нь 1:4-өөр “шүүрдлээ”. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:1-ээр хожиж, хагас шигшээд шалгарлаа.
Тоглолтын 26 дахь минутад Мане гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Салах 65 дахь минутад нэгийг нэмсэн юм. Харин “Порто”-гоос нэр төрийн ганц гоолыг 68 дахь минутад Эдер Милитао оруулсан. Тэгвэл 77 дахь минутад “Ливерпүүл”-ийн довтолгооны гурвын үлдсэн нэг нь болох Фирмино гоолдож, хожлоо улам ч баталгаажуулсан. Энэ улиралд Аваргуудын лигт Мане, Салах, Фирмино гурав гурвуулаа дөрвөн гоолтой боллоо. Энэхүү тоглолтын эцсийн цэгийг 84 дэх минутад Виржил ван Дейк тавьж, нэг гоол нэмэрлэсэн юм.
Ингэснээр “Ливерпүүл” хагас шигшээд Испанийн алдарт “Барселона” клубтэй тулахаар боллоо. Энэ хоёр багийн аль хожсон нь түрүүлэх өндөр магадлалтай байна.