Английн премьер лигийн нөхөн тоглолтууд долоо хоногийн дундуур болж байна. Топ дөрөвт багтахын төлөө өрсөлдөж байгаа “Тоттенхэм” клуб өнгөрсөн шөнө талбайдаа “Брайтон”-ыг хүлээж авч, 33 дугаар тойрогт болох байсан нөхөн тоглолтоо хийлээ.
Энэ тоглолтод “Тоттенхэм” өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авснаар чухал ялалт авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 88 дахь минутад Эриксен оруулсан юм. Ийнхүү Лондоны баг 35 тойргийн дараах байдлаар 70 оноотой болж, гуравдугаар байраа баталгаажууллаа.
Үлдсэн гурван тойрогт Тоттенхэм клуб “Вест Хэм”, “Борнмут”, “Эвертон” гэсэн гурван эвгүй багтай тоглоно. Оноо алдахгүй гарч ирвэл гуравдугаар байрт бичигдэх боломж байна. Араас нь нэхэж байгаа “Челси” клубын хувьд “Манчестер Юнайтед”-ын талбайд зочилно. Харин “Манчестер Юнайтед” 36 дугаар тойрогт “Челси”-тэй тулахаас гадна өнөө шөнө талбайдаа “Манчестер Сити”-г хүлээж авах юм. Тиймээс оноо алдах магадлал маш өндөр байна.
“Арсенал”-ын тухайд өнөө шөнө том багуудын эрлэг болчихоод байгаа “Вулверхэмптон”-тай нөхөн тоглолт хийх бол 36 дугаар тойрогт “Лестер”-ийн талбайд зочилно. Аль аль нь амаргүй тоглолт байх нь дамжигггүй юм.