Английн премьер лигийн нөхөн тоглолтууд болж, бүх баг 35 тойрог тоглоод байна. Өнгөрсөн шөнө топ дөрөвт багтахын төлөө зүтгэж байгаа “Манчестер Юнайтед” клуб түрүүлэхийн төлөө өрсөлдөж буй “Манчестер Сити”-г талбайдаа хүлээж авч, туллаа. Манчестер хотын дерби тоглолт их зүйлийг шийдэх байсан.
Хэрвээ “Манчестер Юнайтед” хожвол 67 оноотой болж, дөрөвдүгээр байр руу орж ирэх боломж байсан. Харин “Сити” хожвол түрүүлэх боломжоо хадгална. Тиймдээ ч чухал ач холбогдолтой тоглолт байсан юм. Энэ тоглолтод зочид үүргээ тултал биелүүлж, өрсөлдөгчөө талбайд нь 0:2-оор буулгаж авлаа.
Тоглолтын 54 дэх минутад Бернарду Силва гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Сане 66 дахь минутад нэгийг нэмж, багтаа тун чухал гурван оноог авчирлаа. Ингэснээр “Сити” 89 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Үлдсэн гурван тойрогт “Сити” дундаж багуудтай тулна. “Бөрнли”, “Брайтон” багуудын талбайд зочлох бол “Лестер”-тэй талбайдаа тоглох билээ. Харин “Манчестер Юнайтед”-ын хувьд 6 дугаар байрт бичигдэж үлдлээ. Үлдсэн гурван тойрогт “Челси”-тэй тулна. Оноо алдах магадлал өндөр. Тиймээс Аваргуудын лигийн байрт орох боломж багатай боллоо.