“Сити” хожиж, “Арсенал” хожигдож, “Манчестер Юнайтед” тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-28

Английн премьер лигийн 36 дугаар тойргийн хамгийн чухал тоглолтууд өчигдөр орой боллоо. Түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Сити” клуб энэ тойрогт  “Бөрнли”-гийн талбайд зочилж, чухал тоглолт хийлээ. “Ливерпүүл” баасан гарагт өрсөлдөгчөө хожоод, хүснэгтийн тэргүүнд бичигдэж байсан. Тиймээс “Сити” оноо алдах эрхгүй байв.

“Хотынхон” лигийн хүндхэн өрсөлдөгч нарын нэгд тооцогдож буй “Бөрнли”-гийн шигүү хамгаалалтын эсрэг шуургалан довтолсоор нэг гоол оруулж, 0:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын 63 дахь минутад Агуэро энэ улирлын премьер лигийн 20 дахь гоолоо оруулж, багтаа тун хэрэгтэй 3 оноог авчирсан юм. Ингэснээр 92 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж байна. 36 дугаар тойрогт тэд талбайдаа “Лестер”-ийг хүлээж авна.

Тэгвэл топ дөрөвт багтахын төлөө өрсөлдөж буй “Арсенал” клуб энэ тойрогт “Лестер”-ийн талбайд зочилсон. Гуравдугаар байрт бичигдэж байгаа “Тоттенхэм” хожигдсон учраас араас нь нэхэж буй гурван багт боломж гарсан. Гэвч “Арсенал” боломжоо ашиглаж чадалгүй, 3:0-ээр хожигдлоо. Харин “Лестер” 51 оноотой болж, 8 дугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 36 дахь минутад “Арсенал” жигүүрийн хамгаалагч Мейтленд-Найлз хоёр дахь шар хуудсаа авснаар талбайг чөлөөлсөн юм. Түүний дараа 59 дэх минутад Тилеманс гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Варди 86, 90 дэх минутад хоёрыг оруулж, премьер лигт энэ улиралд 18 гоолтой болоод байна. 

“Арсенал” хожигдсоны дараа “Манчестер Юнайтед” талбайдаа “Челси”-г хүлээж авч, тун чухал тоглолт хийлээ. Энэ тоглолтод “Улаан чөтгөрүүд” хожсон бол шилдэг дөрөвт багтах боломжтой болох байлаа. “Челси”-д ч хожил хэрэгтэй байсан. Хожсон бол “Тоттенхэм”-тэй оноо тэнцэж, шилдэг дөрөвт багтах нь баталгаатай болох байлаа. Гэвч хоёр баг хамгийн ашиггүй үр дүн буюу 1:1-ээр тэнцлээ.

Ингэснээр “Челси” 68, “Манчестер Юнайтед” 65 оноотой боллоо. Шилдэг дөрвийн төлөөх өрсөлдөөн сүүлчийн тойрог хүртэл өрнөх нь. “Тоттенхэм” үлдсэн хоёр тойрогт “Борнмут” болон “Эвертон” клубтэй тулна. Аль нэгийг нь хожиход л гуравдугаар байраа баталгаажуулах боломжтой. 

Харин “Арсенал” 37 дугаар тойрогт талбайдаа “Брайтон”-ыг хүлээж авах бол  сүүлчийн тоглолтоо “Бөрнли”-гийн талбайд хийх учиртай. Харин “Челси” дараагийн тойрогт талбайдаа “Уотфорд”-той  тоглох бол 38 дугаар тойрогт “Лестер”-ийн талбайд зочлох билээ.  “Манчестер Юнайтед”-ын хувьд “Хаддерсфилд” болон “Кардифф” багуудтай буюу харьцангуй гайгүй өрсөлдөгчтэй тулна. Сүүлийн хоёр тойрогт аль баг оноо алдахаас шалтгаалж 3, 4 дүгээр байрын баг тодрох юм.