Виржил ван Дейк тоглогчдын холбооны оны шилдэг хөлбөмбөгч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-28

“Ливерпүүл” клубын төвийн хамгаалагч Виржил ван Дейк тоглогчдын холбооны оны шилдэг хөлбөмбөгчөөр шалгарлаа.  Тэрбээр оны шилдгийн төлөө “Сити”-гийн Рахим Стерлинг, Сержио Агуэро, Бернарду Силва, “Челси”-гийн хагас хамгаалагч Эден Азар, нэг багийн хамтрагч Садьо Мане нартай өрсөлдөж, энэхүү шагналыг авч байгаа юм.

Өнгөрсөн улиралд “Ливерпүүл”-ийн довтолгооны гурвалын нэг болох Мохамед Салах энэхүү шагналыг хүртэж байсан билээ. Ийнхүү хоёр жил дараалан “Ливерпүүл”-ийн тоглогчид шилдэг боллоо. “Улаанууд” ван Дейкийг 2018 оны нэгдүгээр сард “Саутгэмптон” клубээс 75 сая паундаар худалдаж авч байсан юм.

Тэрбээр энэ улиралд премьер лигийн 36 тоглолтод оролцохдоо 3 гоол оруулж, 3 гоолын дамжуулалт өгч, ердөө ганцхан шар хуудас авчээ.