“Барса” талбайдаа “Ливерпүүл”-ийг “шүүрдлээ”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-01

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээ шатны эхний тоглолт болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Барселона” клуб талбайдаа Английн “Ливерпүүл”-ийг хүлээж авч, туллаа. Энэ улиралд гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа хоёр багийн эхний “тулаан” гайхалтай болно гэж дэлхийн сая сая үзэгч хүлээж байсан нь тодорхой.

Мэдээж гайхалтай тоглолт болсон. Гэхдээ үр дүн “Барселона”-гийн талд. Каталоны баг энэ улиралд хамгийн хүчтэй байгаа шилдэг өрсөлдөгчөө 3:0-ээр “шүүрдлээ”. Хэн ч ийм үр дүн гарна гэж төсөөлгүй байх. Гэвч Месси гайхалтай байж, багаа ялалтад хөтлөв. 

Тоглолтын 26 дахь минутад Суарез гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Месси 75, 82 дахь минутад дубль хийснээр “Ливерпүүл”-ийн Аваргуудын лигт түрүүлэх найдлагыг бараг үгүй хийлээ. Хариу тоглолт Англид болно. Гэхдээ “Ливерпүүл” гайхамшиг бүтээдэггүй л юм бол “Барса”-г 3-аас дээш гоолын зөрүүгээр талбайдаа хожиж, финалд үлдэх боломж тун бага нь ойлгомжтой. Тиймээс “Барселона” клуб “Дэлдэн чихт”-ийг авах боломжоо улам нэмлээ гэж хэлж болохоор болов.