Английн премьер лигийн 37 дугаар тойрогт “Кардифф” клуб талбайдаа “Кристал Палас”-ыг хүлээж авч, үхэх сэхэхээ үзсэн “тулаан” хийлээ. Тэд хожиглох эрхгүй байсан. Үлдсэн хоёр тоглолтдоо заавал хожиж байж дээд лигтээ үлдэх үгүйгээ шийдэх байв. Харамсалтай нь тэд өөрсдийнхөө даалгаврыг биелүүлж чадалгүй талбайдаа 2:3-аар хожигдлоо.
Тоглолтын 28 дахь минутад Заа гоолдож, зочид тэргүүлж эхэлсэн. Гэвч 31 дэх минутад “Кристал Палас”-аас Келли өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, тооны харьцаа тэнцсэн. Харин 8 минутын дараа Батшуайи гоолдож, зочид тэргүүллийг эргүүлж авсан бол Таунсенд 70 дахь минутад “Кардифф”-ын итгэл найдварыг тасалсан юм.
Уг нь Рид 90 дэх 90 дэх минутад нэг гоол оруулж, тооны харьцааг ойртуулсан ч “Кардифф” тэнцүүлэх, хожих боломж нь нэгэнт дууссан байсан юм. Ийнхүү Уэльсийн баг 31 оноотой хэвээр үлдэж, дараагийн тоглолтоос үл хамааран буцаад доод лиг рүү уналаа. Тэд ганц улирал л премьер лигт тоглоод буцаад унав. Ингэснээр энэ улиралд “Хаддерсфилд”, “Фүлхэм”, “Кардифф” гэсэн гурван баг доошоо уналаа.