Германы Бундес лигт түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Боруссия Дортмунд” клуб 32 дугаар тойрогт “Вердер”-ийн талбайд зочилж, 2:2-оор тэнцлээ. Өмнөх тойрогт хожигдсон “Шар харууд” дахиж оноо алдсанаар түрүүлэх боломжоо нэг мөр алдсан гэхэд буруудах зүйлгүй боллоо.
Нөгөө талд “Байерн” клуб “Ханновер”-ыг талбайдаа хүлээж авч, 3:1-ээр хожсон. Тиймээс 74 оноотой болсон бол “Боруссия Дортмунд” 70 оноотой болж, 4 онооны зөрүүтэй боллоо. Үлдсэн хоёр тойргийн нэгэнд л “Байерн” хожиход түрүүлнэ.
Тэгвэл энэ удаагийн тоглолтын 6 дахь минутад Пулишич гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Пако Алькасер 41 дэх минутад нэгийг нэмсэн юм. Гэвч 70 дахь минутад Мевальд тооны харьцааг ойртуулж, Писсарро 75 дахь минутад нэгийг нэмж, “Вердер” тэнцүүлжээ. Ийнхүү 47 оноотой болж, 9 дүгээр байрт бичигдэж байна.