“Ливерпүүл” хоёр жил дараалж Аваргуудын лигийн финалд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-07

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээ шатны шийдвэрлэх тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Английн “Ливерпүүл” клуб талбайдаа Испанийн алдарт “Барселона” клубыг хүлээж авч, хариу тоглолтоо хийсэн.

Эхний тоглолт “Камп Ноу” цэнгэлдэхэд болоход “Барса” өрсөлдөгчөө 3:0-ээр хожоод байсан. Асуудал нэгэнт шийдэгдсэн гэж олон хүн бодож байсан. Хөлбөмбөгийн аналистууд хүртэл энэ үр дүнг эргүүлэх боломжгүй гэж үзэж байлаа. Гэвч “Ливерпүүл” талбайдаа гайхамшгийг бүтээж, өрсөлдөгчөө 4:0-ээр бутниргэснээр финалд шалгарч чадлаа.

Тэд 2005 онд “Милан”-ы эсрэг гайхамшгийг бүтээж байснаасаа илүүг бүтээлээ. Тоглолтын 7, 79 дэх минутад Ориги хоёрыг оруулсан бол Вейналдум сэлгээгээр орж ирээд 54, 56 дахь минутад дубль толилуулсан. Салах, Фирмино хоёр гэмтлийн улмаас тоглолтыг өнжсөн ч сэлгээний тоглогчид буюу Шакири, Ориги тэргүүтнүүд “Барса”-г мулталлаа. Ийнхүү “Ливерпүүл” хоёр жил дараалж Аваргуудын лигийн финалд шалгарч үлдлээ. 

Тоглолтын тойм бичлэгийг ЭНДЭЭС үзнэ үү