Аваргуудын лигийн энэ улирлын хасагдах шатны тоглолтууд санаанд оромгүй, хэний ч төсөөлөөгүй байдлаар өрнөсөөр байна. Өнгөрсөн шөнө Аваргуудын лигт жинхэнэ дуулиан тарьж байсан Голландын “Аякс” клуб талбайдаа Английн
“Тоттенхэм”-ийг хүлээж авсан. Эхний тоглолтод “Аякс” өрсөлдөгчөө талбайд нь 1:0-ээр хожоод байсан юм.
Тиймдээ ч бүх зүйл “Аякс”-ын талд байлаа. Тоглолт эхлээд ердөө 5 дахь минутад Маттейс де Лигт гоолдсон бол 35 дахь минутад Хаким Зиеш нэгийг нэмсэн. Ийнхүү хоёр тоглолтын нийлбэр дүн 3:0 болж, “Аякс” финалд шалгарах магадлал маш өндөр болсон. Гэвч “Тоттенхэм”-ийн залуус бууж өгөлгүй, эцсийн минута, секунд хүртэл тэмцсэн.
55, 59 дэх минутад Лукас Моура өөрийн ур чадвар, тэмцэгч чанараа харуулж, хоёр гоол нэхэж оруулах нь тэр. Бүх зүйл Лондоны цагаан өмсгөлтнүүдээс өөрсдөөс нь шалтгаалах байлаа. Ердөө нэг гоол нэмж оруулж чадвал тэд анх удаагаа Аваргуудын лигийн финалд үлдэх байв. Тэд чадсан, шүүгчийн мэдлийн цагт буюу 96 дахь минутад Деле Аллигийн дамжуулалтаар өнөөх Лукас Моура гоолдож, багаа финалд шалгаруулж чадлаа. Тэд боломжгүй ч байж болохоор байдлаас эргэн ирж, айлын талбайд олон гоол оруулсныхаа ачаар “Ливерпүүл”-тэй “Дэлдэн чихт”-ийг булаалдах нь.