“Арсенал”, “Челси” Европа лигийн финалд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-09

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн хагас шигшээ шатны хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.  Эхний тоглолтод талбайдаа Испанийн “Валенсия”-г 3:1-ээр хожоод байсан “Арсенал” хариу тоглолтод ч өрсөлдөгчөө илт давуу буулгаж авав.

Тодорхой хэлбэл, Испанийн багийг талбайд нь 2:4-өөр хожсон. Ийнхүү хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 7:3-аар Лондоны “Их буучид” илүүрхэж, Европа лигийн финалд шалгарч байгаа юм. Энэхүү тоглолтод эзэн багаас Кевин Гамейро 11, 58 дахь минутад хоёрыг оруулсан. Тэгвэл “Арсенал”-аас Обамеянг 17, 69, 88 дахь минутад хет-трик толилуулав. Ляказетт жижүүрийн нэг гоолоо мартаагүй. Өмнөх тоглолтод ч энэ хоёр тоглогч гоолдож байсан. Үндсэндээ хоёр довтлогч нь багаа финалд орууллаа.

Нөгөө талд “Челси” клуб талбайдаа Германы “Айнтрахт Франкфурттай” тун хүнд тоглолт хийж, торгуулийн цохилтоор буулгаж авлаа. Эхний тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцсэн. Хариу тоглолт ч гэсэн 1:1 гэсэн үр дүнгээр өндөрлөсөн юм. Тиймээс торгуулийн цохилт цохьсон. Энэ тоглолтод “Челси”-гийн хаалгач Кепа гайхалтай байж, хоёр ч цохилт хааснаар “Цэнхэрүүд” өрсөлдөгчөө 4:3-аар буулгаж авснаар финалд шалгарлаа.  Ийнхүү Лондоны хоёр баг хоорондоо Европа лигийн финалд хүч үзэх нь ээ.