Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлж байгаа билээ. Дэлхийн 56 орны эрэгтэй 256, эмэгтэй 175, нийт 431 жүдоч энэ удаагийн “Их дуулга”-д оролцож байна. Харин манайхаас эрэгтэй 10, эмэгтэй 4 жүдоч хүч сорино.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаан болох бөгөөд 7 бөх Бакугийн дэвжээнд гарч барилдах нь. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, залуу жүдоч Л.Өнөболд нар барилдана. Д.Амартүвшингийн хувьд А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Туркмэнстан болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай нь барилдана. Тэгвэл Л.Өнөболд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Туркийн Аккус Михрачтай барилдахаар оноолт таарлаа.
Тэгвэл 66 кг-д Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү гэсэн хоёр мастер зодоглож байна. Д.Төмөрхүлэгийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Молдавын Денис Виерутай барилдана. Түүний хэсэгт Георгий Зантарая, Беслан Мудранов гэсэн томчууд чихэлдэж байна. Ё.Басхүүгийн хувьд D хэсэгт багтлаа. Эхний тойрогтоо Болгарын бөх Бозхидар Темелковтай барилдахаар оноолт таарлаа.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д манайхаас бөх барилдсангүй. Харин 52-т Л.Сосорбарам, Б.Хорлоодой гэсэн хүч түрэн гарч ирж байгаа хоёр залуу шилдэг мастер зодоглож байна. Л.Сосорбарам А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Гвинеи-Бисау улсын бөх Сезар Тасианатай барилдахаар оноолт таарлаа. Ялбал хоёрдугаар тойрогт Францын алдарт бөх Амандин Бучард хүлээж байна. Б.Хорлоодой D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Израйлийн Гифен Примотой барилдахаар оноолт таарав.
57 кг-д Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Д.Сумъяа барилдана. Манай бөх С хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Удаах тойрогт Турк болон Украины бөхчүүдийн ялсантай нь барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхэлнэ.