Чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-24

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын биеийн тамир, спорт хорооны зааланд эхэллээ. Тэмцээнийг нээлтийн ёслолын ажиллагаанд Архангай аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн Н.Алтаншагай, Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан, Биеийн тамир, спорт хорооны дарга Ц.Нэргүйбаатар, Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирал Д.Мөнхжаргал, "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг тэргүүтэй хүмүүс оролцов.

Тэмцээний нээлтийн үеэр Архангай аймагт бөхийн спортод үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүмүүст МЧБХ-ны дээд шагнал “Ялалт” одон болон 50 жилийн ойн медалиар шагнасан юм. БНСУ-ын иргэн Ли Мин Хо Архангай аймгийн спорт сургуулийн дасгалжуулагч П.Пүрэвцогт, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах, олон улсын шүүгч Л.Жаргалсайхан, Б.Гансүх нараас гадна Баянхонгорын Э.Батмагнай, Ө.Пүрэвсүрэн нарыг өсөх ирээдүйтэй тамирчны шагналыг гардуулав. Түүнчлэн Архангай аймгийн “Мандал оюут” дэвжээнээс Архангай аймгийн Тариат сумын харьяат, "Москва-1986" Сайн санааны тоглолтын хүрэл, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарт хүндэтгэл үзүүлж, “Хүчит чулуут” компанийн захирал Бат-Эрдэнэ олон улсын шүүгч Б.Алтангадасыг шагнасан юм. Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын шавь, Япон улсад ажиллаж амьдардаг, спортын мастер Э.Алтанхуяг жин тус бүрийн аваргуудад цэвэр усны сав бэлэглэв.
Эхний өдөр Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь, “Женко” клубийн Д.Түмэнхүслэн нар өнгөрсөн жилийн амжилтаа давтаж улсын хошой аварга болсон бол үлдсэн нь анх удаа түрүүлэв. Залуучуудын УАШТ-ий ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч, ОУХМ Х.Ганболд, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Ю.Батсайхан нар ажиллаж байна.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН

Эрэгтэйчүүдийн 61 кг (24 бөх):

1. Э.Төгсжаргал (Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”)

2. Б.Мөнхзориг (Хангай хүчтэн)

3. Н.Ганбаяр (Женко), Б.Ууганбаяр (Баянхонгор аймаг, "Хонгор нутаг")

70 кг (25):

1. Э.Бямбадорж (Баянхонгор аймаг, “Хонгор нутаг”)

2. А.Дөлгөөн (Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”)

3. Б.Мөнхдаваа (Сонгинохайрхан дүүрэг, “МЖ” нийгэмлэг), Б.Дүгэрсүрэн (Приус центр)

79 кг (17):

1. Г.Мөнхбаяр (Хангай хүчтэн, Спортын төв сургууль)

2. Б.Бат-Эрдэнэ (Баянхонгор)

3. Ц.Баярсайхан (Орхон аймаг, “Ирээдүйн одод”), Э.Уугангэрэл (Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”)

92 кг (14):

1. Э.Батмагнай (Баянхонгор аймаг, “Хонгор нутаг”)

2. Ц.Мөнхбаяр (Хангай хүчтэн)

3. В.Мөнхтулга (Мандал-Оюут), Г.Ган-Очир (Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”)

125 кг (8):

1. С.Ган-Эрдэнэ

2. Э.Тамираа (хоёулХангай хүчтэн)

3. Т.Мягмаржав (Баянхонгор аймаг, "Хонгор нутаг"), М.Баяржавхлан (Харгант цамхаг)

Эмэгтэйчүүдийн 53 кг (9):

1. Н.Анударь (Хилчин)

2. Ц.Халиун (Хангарьд)

3. Д.Отгонжаргал (Налайх), О.Ванчигмаа (Женко)
57 кг (8):

1. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор аймаг, “Хонгор нутаг”)

2. Т.Энхжин (Алдар)

3. Б.Энхтүвшин (Хилчин), Б.Оюунгэрэл (Женко)

62 кг (6):

1. Д.Түмэнхүслэн (Женко)

2. Н.Энхтуяа (Орхон аймаг, “Ирээдүйн одод”)

3. Б.Лхам (Архангай)

68 кг (6):

1. Э.Дэлгэрмаа (Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”)

2. П.Баянжаргал (Архангай)

3. Б.Дэлгэрцэцэг (Орхон аймаг, “Ирээдүйн одод)
76 кг (3):

1. Б.Оюунбагана (Архангай)

2. Б.Намуунзаяа (Налайх)

3. Б.Нандин-Эрдэнэ (Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс”)