Монголын анхны Ironman тодорлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-29

Унгар улсад энэ сарын 25-ны өдөр  болсон BalatonMan Kenese триатлоны тэмцээний хагас ironman зайг Монгол Улсын иргэн Батжавын Баттүшиг 6 цаг 1 минут 45 секундын дотор амжилттай дуусгасан байна. Тэрбээр 750 метрийн сэлэлтийг (1800 метр сэлэх ёстой ч усны температур хүйтэн байсан тул зайг багасгажээ) 16 минут 8 секундэд, дугуйн 85.2 км замыг 2 цаг 58 минутад, гүйлтийн 21.1 км зайг 2 цаг 38 минут 31 секундэд туулж, хоёр удаагийн транзишнийг 9 минут 8 секундэд амжуулснаар 30-34 насны ангилалд 26-р байр эзэлжээ.

Унгар улсад суралцаж, улмаар үргэлжлүүлэн ажиллаж буй Баттүшиг урьд нь холын зайн гүйлтээр нэг бус тэмцээнд оролцсон бөгөөд анхны триатлонд оролцох бэлтгэлээ хагас жил орчим хийсэн гэнэ. Тэрбээр "Ironman зайг туулсан анхны монгол хүн болохын тулд  их хичээлээ. Цаашид амжилтаа ахиулж 5 цаг руу оруулах бодолтой" хэмээн тэмцээний дараа ярьжээ.