Хөлбөмбөгийн шигшээ түүхэн тоглолтоо өнөөдөр хийнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-10

ДАШТ-ий урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх хариу тоглолтоо өнөөдөр Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Брунейн багтай 20:15 цагаас хийх гэж байна. Энэ тоглолтыг Монголын шигшээн хувьд түүхэн гэж тодотгож болохоор байгаа юм. Учир нь өмнө нь манай шигшээ чансаа ойролцоо багтай, эхний тоглолтод 2:0-ээр хожсон давуу талтайгаар тоглож байсангүй. Энэ тоглолтод бид тэнцэх, эсвэл нэг гоолын зөрүүтэй хожигдоход л дэлхийн аваргын урдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авна.  

Манай шигшээ 2001 оноос хойш ДАШТ-ний урьдчилсан шатанд өрсөлдөхөд нэг ч удаа эхний даваагаа давж байсангүй. 2001 оны хоёрдугаар сарын 19-нд Бангладештэй 2:2-оор тэнцэж ДАШТ-ий урьдчилсан шатны анхны оноогоо халаасласан юм. Уг үйл явдлаас хойш 10 жилийн дараа буюу 2011 онд Мьянмартай хийсэн эхний тоглолтдоо 1:0-ээр хожиж, цэнхэр гарагийн хөлбөмбөгийн хамгийн том тэмцээний анхны хожлоо авч байв. Мьянмарыг буулган авахад одоогийн шигшээ багийн 10 дугаартай Хүрэлбаатарын Цэнд-Аюуш гоол оруулж байсан. Гэвч хариу тоглолтод 2:0-ээр ялагдал хүлээж, урьдчилсан шатны эрхгүй буцаж байлаа.   Харин энэ удаад л бидэнд том давуу тал байна. Монголын шигшээ баг энэ том давуу талыг ашиглаж, түүхэнд байгаагүй амжилтдаа хүрэхийн төлөө 90 минут тоглоно. Тоглолтыг NTV телевиз шууд дамжуулах юм.