Монголын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий эхний шатыг даваад байгаа билээ. Дараагийн шатны сугалаа ирэх сарын 17-ны өдөр Катарын нийслэл Доха хотноо болно. Энэ сугалаанд эхний шатанд ялсан 6 баг дээр 34 баг нэмэгдэж, нийт 40 баг 8 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэдхэн хоногийн өмнө гарсан FIFA-ын чансаагаар Иран, БНСУ, Япон, Австрали, Катар, АНЭУ, Саудын Араб, БНХАУ гэсэн орнууд хэсэг тэргүүлэх нь тодорхой болсон.
Харин манай улсын хувьд сүүлийн буюу 5-р сагсанд Индонез, Сингапур, Непал, Камбож, Бангладеш, Гуам гэсэн орнуудтай оржээ. Өөрөөр хэлбэл эдгээр улсуудтай таарахгүй гэсэн үг. Хоёрдугаар шатны тоглолтууд ирэх есдүгээр сарын 5-нд эхэлж, 2020 оны зургадугаар сарын 9-нд өндөрлөнө. Нэг баг энэ хугацаанд хэсэгтээ 8 тоглоно. Дэлгэрэнгүй хуваарийг танилцуулвал:
2019.09.05 МОНГОЛ - А4
2019.09.10 МОНГОЛ - А3
2019.10.10 А1 - МОНГОЛ
2019.10.15 МОНГОЛ - А2
2019.11.19 А4 - МОНГОЛ
2020.03.26 А3 - МОНГОЛ
2020.03.31 МОНГОЛ - А1
2020.06.04 А2 - МОНГОЛ
Энэхүү хуваарийг харвал манай шигшээ баг хэсгийн эхний 2 тоглолтоо нутагтаа хийх юм. Тэр тусмаа хэсгийнхээ арай сул хоёр багтай дараалан тоглох нь эдгээр тоглолтуудаас оноо, хожил авах магадлал хамгийн өндөр гэж ойлгож байна. Гурван болон 4-р сагсанд өнгөрөгч оны сүүлээр Зүүн Азийн АШТ-д бидэнтэй учирч байсан БНАСАУ, Тайвань, Хонгконгийн багууд бий. Үүний дараа хамгийн чанга хуваарь болох хэсэг тэргүүлэгчийнхээ нутагт зочилно. Харин тэд манай талбайд ирэх жилийн 3-р сарын сүүлээр ирнэ.
Хоёрдугаар шатанд хэсэг тэргүүлсэн баг 3-р шатанд орох эрх, 2023 оны Азийн АШТ-ий эрхийг хамт авна. Харин хэсэг тус бүрт дэд байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй 4 баг дээрх эрхийг мөн авна. Үлдсэн 4 баг болон хэсэгтээ 3-р байр эзэлсэн нийт 12 баг ДАШТ-д үргэлжлүүлэн өрсөлдөх боломжгүй ч, Азийн АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөнө. Хэсэгтээ 4 болон 5-р байр эзэлсэн багуудад ч мөн 2023 оны Азийн АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх боломж хэвээр үлдэх учраас манай шигшээ баг хэсгийн сүүлийн байр эзэлсэн ч цаашид дор хаяж 2 тоглолт хийнэ гэсэн үг юм.