"Тоттенхэм" клуб "Audi cup" тэмцээнд түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-01

"Audi cup" тэмцээний хүрээнд хоёр хоногийн өмнө "Реал Мадрид"-ыг хожсон Английн "Тоттенхэм" баг өнгөрсөн шөнө Германы алдарт "Байерн Мюнхэн" клубыг хожлоо. Хоёр баг үндсэн цагт 2:2-оор тэнцсэн бол торгуулийн цохилтоор асуудлыг шийдэхэд 6:5-аар "Тоттенхэм" хожсон юм. 

Тоглолтын 19 дэх минутад Ламела гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 59 дэх минутад Эриксен нэгийг нэмсэн юм. Гэвч "Байерн"-аас Арп 61, Дэвис 81 дэх минутад нэг нэгийг оруулж, тэнцүүлжээ. Ийнхүү торгуулийн цохилт болоход Лондоны баг илүүрхэж, цом хүртсэн юм. 

Тэгвэл нөгөө талд "Реал Мадрид" клуб Туркийн "Фенербахче" клубыг 5:3-аар хожиж, хүрэл медаль хүртлээ. Энэ тоглолтод Бензема хет-трик хийж, гурван гоол оруулсан юм.