Цагдаагийн алба хаагчид ААШТ-ээс алт, хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-01

Хятад улсын  Шанхай хотноо болсон  Киокушин каратэгийн 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд  Монголын Киокушин каратэгийн холбооны баг тамирчид болох  цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар, Т.Ариунболд,  цагдаагийн дэслэгч М.Алтангэрэл нар Монгол Улсаа төлөөлөн оролцсон юм.

Тэмцээн өнгөрсөн сарын 27-ны өдөр буюу Киокушин Каратэг үндэслэгч Ояама Сосай багшийн мэндэлсэн өдрөөр болсон билээ.  Энэхүү тэмцээний -90 кг төрөлд Спортын мастер, Тусгай ажиллагааны бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч М.Алтангэрэл тэргүүн байр эзэлж, Ази тивийн хошой аварга боллоо. Тэрбээр 2018 оны 04 дүгээр сард Кувейт улсад зохион байгуулагдсан 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж байсан юм.

Харин Олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын албаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг +90 кг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар 80 кг төрөлд өрсөлдөж,  гутгаар байрт шалгарчээ.