Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн Польшийн нийслэл Варшавт гурав хоног үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглосон. Манай тамирчдын ес нь медалийн төлөө барилдаж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, 65 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. С.Батцэцэг эзэн орны Агнешка Вейшчек, Украины Алина Бережна, ОХУ-ын Анастасья Братчикова, Канадын Даниэле Лаппагег ялж таван жилийн дараа Варшавын дэвжээнд түрүүлэн тус тэмцээний хошой аварга болж байгаа нь энэ юм.
Харин ОУХМ Х.Болортуяа тус тэмцээнд анх удаа зодоглосон бөгөөд урамтай сайхан барилдаж Унгарын Ноеми Шабадос, Габриэла Шлейз, Испанийн Нереа Пампин, ОХУ-ын Наталья Федосеева, Украины Ирина Кольяденко нарыг ялж аваргалжээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга мөнгө, 74 кг-д ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медалийн эзэн болов. Польшийн нээлттэй тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн юм.