Чөлөөтийнхөн Яйзү хотод Японы бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-09

Японы Шизүока мужийн Яйзү хотын төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Яйзү хотын даргын орлогч Шимояма Коожигоор ахлуулсан баг өчигдөр Монголын чөлөөт бөхийн холбоо зочилж хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Гэрээний гол зорилго нь 2019 оны арваннэгдүгээр сарын дундуур үндэсний шигшээ багийн тамирчдыг тус хотод хамтарсан бэлтгэлд хамруулахаар болсон юм.

Түүнчлэн уулзалтаараа үндэсний шигшээ багийн 27 тамирчинд зориулж “Асикс” брэндэд захиалгаар хийлгүүлсэн борцовкны дээжийг гардуулан өгсөн. Энэхүү улаан, алтан шаргал өнгө хосолсон борцовк нь Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг “Токио-2020” олимпийн наадмаас алтан медаль авахыг билэгдэж байгаа юм.