"Ливерпүүл" талбайдаа "Норвич"-ыг 4:1-ээр бутниргэлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-10

Английн премьер лигийн 2019-2020 оны улирал эхэллээ. Улирлыг нээж Аваргуудын лигийн аварга "Ливерпүүл" клуб талбайдаа доод лигээс дэвшиж гарч ирсэн "Норвич Сити"-г хүлээж авч, 4:1-ээр "шүүрдлээ".  Ийнхүү тэд шинэ улирлыг хожлоор эхлүүлэв. 

Тоглолтын 7 дахь минутад "Норвич"-ын хамгаалагч Хэнли өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Оригигийн төв рүү өгсөн дамжуулалтад хүрсэн нь өөрийн хаалганд гоол болж орсон юм. Харин 19 дэх минутад сүүлийн хоёр улирлын мэргэн бууч Салах гоолынхоо салхийг хагаллаа. Түүний араас Ван Дейк 28 дахь минутад нэгийг нэмж, Ориги 42 дахь минутад гүйцээсэн.

Эхний үед шуургалан довтолж, 10 минут тутамд нэг гоол оруулсан "Ливерпүүл"-ийнхэн хоёрдугаар хагаст довтолгооны эрчээ сулруулсан юм. Харин "Норвич"-оос Пукки 64 дэх минутад гоол оруулж,  муугүй довтлогч гэдгээ харуулав.