Аварга, арслангууд сэргээшийн шинжилгээний хариуг ил тодоор зарлахыг шаардлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-11

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ жилийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу ирсэн. Тэр ч битгий хэл хоёр бөхөөс сэргээш илэрсэн байж магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Гэвч баяр наадам зохион байгуулах комисс болон допингийн эсрэг төвөөс ямар нэгэн мэдээлэл албан ёсоор өгөхгүй байна. Бүр сэргээшийн шинжилгээний хариу ирээгүй гэж нууж, хаасан шинжтэй мэдээлэл хүртэл өгөөд байгаа юм. Тэгвэл энэ жилийн наадамд шөвгөрсөн бөхчүүд түрүүчээсээ мэдэгдэл хийж, сэргээш хэрэглээгүй гэж Баяр наадмын комиссоос утасдсан талаар мэдээлж эхэллээ. 

Хамгийн түрүүнд Улсын аварга Н.Батсуурь мэдэгдэл хийж, сэргээшийн төрлийн бодис илрээгүй гэж утасдсан талаар хэлж, бусад бөхчүүдээ ч гэсэн мэдэгдэл хийхийг уриалсан. Түүний араас Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй том цолтнууд мэдэгдэл хийлээ.   Мөн хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэх мэдээллийг тэд дурьдсан юм.  

Улсын аварга Н.Батсуурь "Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие наймдугаар сарын 9-ний өдөр Баяр наадмын комиссоос хориотой эмийн бодис илрээгүй гэх хариуг авсан. Допингийн шинжилгээний хариу ирсэн. Бусад бөхчүүддээ эртхэн мэдэгдлүүдээ хийгээд ард түмнийхээ эргэлзээг тайлахыг хүсч байна" гэв. 

Улсын арслан Ц.Содномдорж "Өчигдөр буюу 2019 оны наймдугаар сарын 09-ны өдөр наадам зохион байгуулах хорооноос над руу ярьсан. Тэд "Таны шинжилгээний хариу ирсэн бөгөөд ямар нэгэн хориотой бодис илэрсэнгүй" гэсэн хариуг надад өгсөн. Би сая хэвлэл мэдээллийн хэрэгслийг харахад Баяр наадам зохион байгуулах комисс маань "Ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй" гэсэн мэдэгдэл өгч байна. Өчигдрийн хувьд Баяр наадам зохион байгуулах хорооноос надад "Бүх бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн" гэсэн хариуг өгсөн. Хоёр бөх сэргээш хэрэглэсэн гэх асуудалтай байгаа бололтой. Энэ асуудлыг эцэслэж зарлаачээ гэж Баяр наадам зохион байгуулах хороо болон Шадар сайдаасаа хүсч байна" гэв.

Улсын арслан П.Бүрэнтөгс “Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Энэ жилийн шинжилгээний хариу ирсэн юм байна лээ. Над руу наймдугаар сарын 09-нд Баяр наадам зохион байгуулах комиссоос ярьж, таниас ямарваа нэг хориотой эмийн бодис илрээгүй гэж мэдэгдсэн. Тийм болохоор Баяр наадам зохион байгуулах комиссыг допингийн хариуг ил тод зарлахыг хүсч байна” гэлээ.

Улсын харцага Д.Анар “Сайн байцгаана уу. Миний өгсөн допингийн шинжилгээний хариу гарсан. Надаас допингийн ямар нэг эмийн бодис илрээгүй гэж Баяр наадам зохоин байгуулах хорооноос мэдэгдсэн” гэв.

Улсын начин Б.Цэдэнсодном "Жил болгон улсын наадамд тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ жилийн сэргээшийн шинжилгээний хариу ирсэн юм билээ. Наймдугаар сарын 9-ний өдөр Баяр наадам зохион байгуулах салбар комиссоос утсаар ярьж надаас сэргээшийн төрлийн бодис илрээгүйг хэлсэн. Тиймээс наадам зохион байгуулах комисс шинжилгээнийхээ хариуг ил тод болгож, олон нийтэд зарлаасай гэж хүсэж байна" хэмээлээ. 

Улсын начин А.Давааням "2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр баяр наадам зохион байгуулах хорооноос над руу ярьж, миний биеэс ямар нэгэн хориотой эмийн бэлдмэл илрээгүй болохыг албан ёсоор мэдэгдсэн. Энэ талаар бөх сонирхогчид та бүхэндээ албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн мэдэгдлээ.