Өнөө шөнө "Ливерпүүл" Европын "Супер цом"-ын төлөө "Челси"-тэй тулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-14

Английн хоёр том баг болох "Ливерпүүл" болон "Челси" клубүүд өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00 цагаас Европын "Супер цом"-ын төлөө тоглох гэж байна. Өнгөрсөн улирлын төгсгөлд "Ливерпүүл" Аваргуудын лигт гайхалтай нэгэн түрүүг хүртсэн. Харин "Челси" Европа лигт аваргалж, "Супер цом"-ын төлөө тоглох эрхээ авсан юм. 

Хоёр баг сүүлийн 26 удаа учраа таарахад "Ливерпүүл" 8 хожсон бол "Челси" 10 удаа өрсөлдөгчөө буулгаж авчээ. Харин үлдсэн 8 удаад нь тэнцсэн байна. Өнгөрсөн  улирлын тухайд хоёр баг хоёр удаа премьер лигт тулсан. 2018 оны есдүгээр сарын 29-ний өдөр тулахад 1:1-ээр тэнцсэн. Харин 2019 оны хоёрдугаар сард "Ливерпүүл" 2:0-ээр хожсон билээ. 

Английн багуудаас хамгийн сүүлд 2005 онд "Супер цом"-д түрүүлж байсан. Тэр нь "Ливерпүүл".  Оросын "ЦСКА Москва" багийг 3:1-ээр буулгаж авч, түрүүлж байсан удаатай. Түүнээс хойш 14 жилийн дараа Английн баг "Супер цом" хүртэх нь.   

"Ливерпүүл"-ийн тухайд өмнө нь 1977, 2001, 2005 онд "Супер цом"-ыг авч байсан бол "Челси" 1998 онд ганц түрүүлж  байжээ.  "Челси" 2012 онд Аваргуудын лигт түрүүлсний дараа "Атлетико"-тай "Супер цом"-ын төлөө тоглосон ч хожигдсон. Жилийн дараа "Байерн"-тай дахин тулсан ч мөн хожигдсон билээ.  Хоёр багийн тоглолтыг Степани Фраппарт хэмээх эмэгтэй шүүгч шүүнэ.  Ингэснээр Европын цомын тэмцээний хариуцлагатай тоглолтыг анх удаа эмэгтэй шүүгч шүүж байгаа тохиолдол болж байна. 

Хоёр багийн гарааны бүрэлдэхүүнд бүхий л шилдэг тамирчид нь гарна. Харин "Ливерпүүл"-ээс хаалгач Алиссон Бекер бэртлийн улмаас энэ тоглолтыг өнжих юм.