Казах курес бөхийн Азийн аваргад 11 орны 120 тамирчин өрсөлдөнө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-15

Азийн аваргад өрсөлдөх Монголын тамирчдыг зарлалаа Казах курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нөгөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд 11 орны 120 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд үүнээс гадна албаны 30 орчим хүн манай улсад анх удаа хөл тавьж байна. Өнөөдрийн байдлаар тэмцээнд оролцогчдын 90 орчим нь Монголд ирсэн бөгөөд бэлтгэлээ хийж байгаа аж.

Тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр Монгол бөхийн өргөөнд хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд уг хуралд Олон улсын казах курес бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Азамат Тлевлессов, түүний зөвлөх Улан Рыксул Азийн курес бөхийн холбооны ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монголын багийг төлөөлөх улсын харцага Д.Анар, улсын начин Б.Серик нар оролцов. Энэхүү тэмцээний нэг онцлог нь азтай үзэгчийг “Приус 30” маркийн автомашинаар байлах юм. Уг төмөр хүлгийн эзэн болохын тулд 10 мянган төгрөгөөр тасалбар худалдаж авах ёстой.

Азийн аваргад оролцох Монголын багийн бүрэлдэхүүн:

55 кг: Даваанямын Бөхчулуун, Амарсанаагийн Хатансайхан

60 кг: Пүрэвдагвын Алтанбагана, Батцэрэнгийн Энэбиш

66 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр, Болдын Самбууням

74 кг: Санжмятавын Баяртүвшин, Бат-Эрдэнийн Пүрэвдаваа

82 кг: Баянмөнхийн Гаажадамбa, Батмөнхийн Алтансүх

90 кг: Батнасангийн Тэнгис, Эрдэнэтогтохын Түмэннасан

100 кг: Дэлгэрийн Цэрэнням, Ганын Түвшинжаргал

100+ кг: Хутагийн Цогтгэрэл, Бередмуратын Серик

Үнэмлэхүй жин: Болдпүрэвийн Өнөржаргал, Доржийн Анар нар олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатарын удирдлага дор оролцоно.

Эх орноо төлөөлөн үнэмлэхүй жинд барилдах шинэхэн харцага Д.Анар хэлэхдээ “Казах курес нь манай үндэсний бөхтэй тун төстэй. Миний хувьд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар цолоо ахиулж, саяхан нутагтаа цолныхоо мялаалга наадмыг хийгээд ирсэн. Үүний хажуугаар Азийн аваргынхаа бэлтгэлийг базаагаад нэлээд завгүй байсан. Ер нь миний бэлтгэл нэлээд сайн байгаа. Эх орныхоо дэвжээн дээр амжилт гаргаж, төрийнхөө дууллыг эгшиглүүлэхийн төлөө хичээнэ ээ” гэв. Дашрамд сонирхуулахад, Монгол тамирчид өнгөрсөн жил Азийн АШТ зодоглохдоо бүх жинд медаль (гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл) хүртсэн.