“Манчестер Сити” хожиж, “Тоттенхэм” хожигдлоо

O.Admin
2019-08-26

Английн премьер лигийн 3 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өчигдөр орой боллоо. Хоёрдугаар тойрогт оноо алдсан “Манчестер Сити” энэ удаад “Борнмут”-ын талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 7 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 15, 64 дэх минутад Агуэро дубль хийж, 4 гоолтой болсноор мэргэн буучийн жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тэгвэл Стерлинг 43 дахь минутад гоолдож, энэ улирлын 5 дахь гоолоо оруулснаар мэргэн буучийн жагсаалтыг “Норвич”-ын Теему Пуккигийн хамтаар тэргүүлж эхэллээ.

Хоёрдугаар тойрогт хүчирхэг “Манчестер Сити”-гээс оноо салгаж дөнгөсөн “Тоттенхэм” энэ удаад талбайдаа “Ньюкасл” клубыг хүлээж авсан ч 0:1-ээр хожигдлоо. Ингэснээр 4 оноотой хэвээр үлдэж, 7 дугаар байрт бичигдэж байна. Харин “Ньюкасл” том багийн талбайгаас улирлын эхний хожлоо авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Жоэлинтон 27 дахь минутад оруулжээ.