Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын жингийн барилдаан болох юм. Манайхаас 73 кг-ын жинд Г.Одбаяр, Ц.Цогтбаатар гэсэн шилдгүүд Токиогийн татамид гарна.
Ц.Цогтбаатар В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Тажикстаны Бехрузи Хожазодатай барилдахаар оноолт таарлаа. Ялвал хоёрдугаар тойрогт Кубын Магдиел Эстрада хүлээж байгаа. Энэ хэсгийг Азербайжаны Хайдаров Хидаят тэргүүлж байгаа. Манай бөх хий гаргахгүй барилдвал хэсгийн аваргын төлөө түүнтэй тулах магадлал өндөртэй.
Г.Одбаярын хувьд С хэсэгт багтсан. Энэ хэсэгт Гүржийн Лаша, Японы алдарт аварга Оно тэргүүтэй шилдгүүд чихэлдэж байгаа. Г.Одбаяр эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Флиппин болон Парагвайн бөхчүүдийн ялсантай нь тулна. Манай бөх хэсгийн аваргын төлөө Лаша болон Оно хоёрын ялсантай нь барилдах магадлалтай юм.
57 кг-ын жинд Д.Сумъяа аварга барилдагүй өнжиж, Л.Энх-Отгон түүнийг орлоно. Манай залуу бөх В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Оросын Дариа Межетскаятай барилдахаар оноолт таараад байна. Хэсгийн барилдаанууд 09:00 цагаас эхэлсэн.