Өнөөөр Монголын шигшээ Мьянмартай тоглоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-05

2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолт өнөөдөр 17:00 цагт Монгол болон Мьянмарын шигшээ багийн хооронд болно. Манай улсад болох энэхүү тоглолтын өмнөх хэвлэлийн баг хурал өчигдөр болсон юм.  

Энэ үеэр  Мьянмарын шигшээ багийн дасгалжуулагч Миодраг Радулович: "Би Мьянмарын шигшээ багийг дасгалжуулаад 4 сар болж байна. Миний туршлагаас үзэхэд тэмцээн бүрийн эхний тоглолт, ялангуяа талбайн эзэдтэй хийх тулаан ямагт хүнд байдаг." хэмээн манай шигшээтэй тоглохын өмнөх сэтгэгдлээ хуваалцав.

Харин Майкл Вайсс дасгалжуулагч " Унгарт гайхалтай бэлтгэл хийсэн манай залуусын дотоод уур амьсгал, бие бялдрын бэлтгэлжилт тун сайн байна. Би өмнө нь Филиппиний шигшээ багийг удирдаж байхдаа Мьянмарын эсрэг хэд хэд тулж байсан. Тэднийг хэрхэн тоглодгийг сайн мэднэ. Хоёр багт 50, 50 хувийн боломж байгаа учраас бүх хүчээ дайчлах болно" гэдгээ мэдэгдлээ.

Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал 2011 онд Мьянмарын эсрэг тоглож байсан туршлагатай. Түүнээс 8 жилийн хугацаанд аль баг хэрхэн өөрчлөгдсөн талаар асуухад "Энэ хугацаанд Мьянмараас илүү бид өөрчлөгдөж, сайжирсан гэж бодож байна. Өмнө нь бэлтгэл хангалттай хийж байгаагүй бол Монголын шигшээ сүүлийн жилүүдэд албан ёсны 15 тоглолтод оролцож, олон улсад бэлтгэл базаан, ихээхэн туршлага хуримтлуулсан" хэмээн өөрсдийн давуу талыг хэлээд амжсан юм. 

Манай шигшээ өмнө нь талбайдаа Мьянмарыг 1:0-ээр хожиж байсан түүхтэй билээ.