Ө.Гантөмөр: Дэлхийн аварга болохын төлөө шаргуу бэлтгэл хийсэн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-06

Болгар улсад болсон Олон улсын таеквон-догийн мастеруудын ДАШТ-д оролцсон Монгол Улсын шигшээ баг  хоёр алт найман мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, гялалзсан их амжилттайгаар эх орондоо ирсэн билээ. Тэгвэл энэхүү тэмцээнээс тулааны төрөлд алт, хатуугийн төрөлд мөнгөн медаль хүртсэн “Steppe Arena Mongolia” компанийн тамирчин Ө.Гантөмөртэй ярилцлаа.

-Болгар улсад бол­сон таеквон-догийн мастеруудын тэмцээнд амжилттай оролцож, хоёр төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн. Тэмцээнийхээ тухай яриач?

-Олон улсын таеквон-догийн 21 дэх удаагийн ДАШТ Болгор улсад наймдугаар сарын 24-30-ны хооронд болж, 96 орны баг, тамирчид өрсөлдсөн. Энэ тэмцээнд 73 кг-ын жинд тулааны төрөлд алтан медаль хүртсэн. Монголын эрэгтэй тамирч­дын түүхэнд анх удаа тулааны төрлөөр алтан медаль хүртэж байгаа нь энэ. Мөн хатуугийн төрөлд багаараа мөнгөн медаль хүртсэн. Түрүүлсэн багаас 0.5 оноогоор л бага оноо авсан. 

-Монголын эрэгтэй тамирчдын түүхэнд анх удаа тулааны төрлөөр алтан медаль авна гэдэг түүхэн амжилт. Өрсөлдөөн хэр ширүүн байв. Аль, алт орны тамирчинтай тулалдсан бэ?

-2018 онд Беларуст ДАШТ болоход би мөнгөн медаль авч байсан. Эзэн орны тамирчинд ялагдсан. Тэр ялагдлын дараа аварга болох зорилго тавьж, бэлтгэл сургуулилтаа таслалгүй хийсэн. Тиймдээ ч энэ жил аварга болж чадлаа. Эхлээд Чехийн тамирчинг ялсан. Дараа нь Аргентины тамирчинг буулгаж авч, алтан медалийн төлөө АНУ-ын тулаанчийг буулгаж авсан. Энэ тэмцээн чинь мастеруудын ДАШТ гэдгийг манай уншигчид ойлгох хэрэгтэй. Би 40-49 насны ангилалд оролцсон юм.  

-Олон улсын таеквон-до бол олимпын төрлийн таеквон-догоос арай өөр байх аа. Манай уншигчдад дүрэм, журмынх нь талаар жаахан мэдээлэл өгөөч. Хөлөөрөө л тулалдах уу?

-Олон улсын таеквондо дүрмийн хувьд бага зэрэг өөр. Хөл, гараараа аль алинаар нь тулалдана. Гэхдээ бие хамгаалах урлагийн төрлүүд тамирчдынхаа эрүүл мэндэд маш их анхаардаг болсон. Тиймдээ ч хамаагүй чанга цохиж, өшиглөхийг хориг­лодог болсон. Хамгаалалтгүй хүрсэн тохиолдолд оноо тооцдог. Хамгаалалттай хүрсэн бол оноо тооцохгүй. Бэлхүүснээс дээш өшиг­лөхгүй, хөлийн техник давамгайлдаг.  

-Олимпын бус төрөл болохоор ДАШТ-д түрүүл­сэн ч төр засгаас анхаарч үзэхгүй байх шиг санагддаг. Амжилтыг үнэлэх үнэлэмж сул байна уу?

-Энэ талаар байнга л ярьдаг. Тэртээ тэргүй олимпын бус төрөл гээд дэмжихгүй байгаа юм чинь нэг их яриад яахав. Тоодоггүй нь ойлгомжтой. Олимпын төрлийн спортоор хичээллэж байгаа хүний хөлс өөр гардаг, олимпын бус төрлийнх нь шал өөр гардаг юм байлгүй дээ. 

-Хэзээнээс эхэлж таек­вон-догоор хичээллэсэн бэ. Олимпын төрлийнхөөр нь хичээллэх бодол байгаагүй юм уу?

-Тулааны урлаг гэдэг миний хувьд үнэхээр сайхан зүйл. Тулааны урлагаар хичээллэж байгаа тамирчин бүр тэр сайхныг нь мэдэрч байх ёстой гэж би боддог. Олон улсын таеквон-до бол толгой руу гараараа цохиж болдог дүрэмтэй. Тэгэхээр хүний амьдралд арай ойрхон. Би 1995 оноос энэ спортоор хичээллэсэн. Толгой руу гараараа цохиж болдог дүрэмтэй болохоор нь орсон гээд хэлчихэд буруудахгүй. Олимпын таекво-до болохоор гараараа хүний толгой руу цохиж болдоггүй. Цээж рүү цохих л боломжтой. Гарын техник гэж байхгүй. Хөлөөрөө л тулалддаг. Тийм болохоор таалагдаагүй. Ингээд л Олон улсын таеквон-дог сонгосон юм.  

-Гурав ялаад л алтан медаль авсан гэхээр цөөхөн тамирчин оролцсон байх нь уу. Эсвэл зоо болгоод хуваачихаар цөөхөн тулаан хийж байна гэсэн үг үү?

-Цөөн тамирчин оролцсонтой ч холбоотой. Нөгөө талаар зоо болгочихоор цөөн тулаан хийж байгаа юм. Өнгөрсөн жил бүр тойргоор тулалдсан. Гурван хүн нэг зоо болгоод, хоорондоо тойрч тулалдсан гэсэн үг. Өнгөрсөн жил 16 тамирчин оролцсон. Энэ жилийн тухайд найман тамирчин оролцсон л доо. 

-Таны тулалдаж байгаа бичлэгийг үзэхэд маш өндөр хэмжээний техниктэй юм билээ?

-Би өрсөлдөгч тамирчнаа цохих юм уу өшиглөхдөө ухаан алдуулж болохгүй. Тэгвэл би ялагдал хүлээнэ. Хүчтэй цохисон гээд. Гурваас илүү хүчтэй цохилт хийвэл торгууль авна. Цохилтынхоо хүчийг тааруулахаас авахуулаад маш өндөр мэдрэмжийн тулаан хийдэг. Тиймдээ ч мастеруудын тэмцээн гээд байгаа юм. Доод тал нь хоёр, цаашлаад 3, 4, 5 дантай, олон жил хичээллэсэн мастерууд тулалддаг. Маш олон жилийн хөдөлмөрийн үр дүнд ямар хүчээр цохих уу, яаж тулалдах вэ гэдэг мэдрэмжийг суулгана. 

-Хатуугийн төрөлд багаа­раа мөнгөн медаль авсан гэсэн. Тэр талаар яриач. Ямар дүрэмтэй байдаг юм бол?

-Нэг баг гурван хүнтэй. Эхлээд нэг хүн хатуу биет цохино. Цохиод хугалж чадвал тэмцээнд оролцох эрхээ авна. Тэнд чинь олон орны тамирчин оролцож байгаа болохоор эрхээ авах шаардлагатай. Манай баг эрхээ авсан. Тэгээд оролцсон. Тусгай бэлтгэсэн хугалах материалыг гурван янзаар цохидог.  Хажуугаас болон тийрч өшиглөнө, гараараа цохино. Манай багийнхан гараараа цохиод, хөлөөрөө тийрээд хугалсан. Хажуугаас өшиглөхдөө бүгдийг нь хагалж чадаагүй.  Хамгийн сүүлчийн хавтан нь хагараагүй үлдсэн. Чехийн баг гараараа цохих болон хөлөөрөө тийрч хугалсан. Хажуугаас өшиглөхөд хамгийн сүүлчийн хавтан  бага зэрэг тахийсан. Ингээд 0.5 оноо авч, алтан медаль авсан юм. Хугалж байгаа материал нь нэг см хэмжээтэй, стандартын хуванцар гэж хэлж болохоор материал. Угаас нэг л хэмжээтэй, хатуулгатай, стандартын материал л цохиж хугалдаг. Банз болохоор хатуу, зөөлөн, завсартай, завсаргүй гээд янз бүр шүү дээ. Тиймээс банз цохиулахаа больчихсон.  Тэмцээний үеэр дөрвөн ширхэг зориулалтын хавтан цохиж хагалдаг. Бүгдийг нь хагалах ёстой байдаг юм.