Н.Гэрэлмаа: Хэзээ болимоор санагдана, тэр болтлоо л тулалдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-06

Болгарт болсон таеквон-догийн мастеруудын ДАШТ-ээс хоёр тамирчин алтан медаль авсны нэг нь Н.Гэрэлмаа. Тэрбээр тулааны төрөлд алтан медаль аваад зогсохгүй хатуугийн болон техникийн үзүүлбэрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Үндсэндээ нэг тэмцээнээс гурван медаль хүртэж, амжилттай оролцсон билээ.  

-Та энэ жилийн ДАШТ-ээс тулааны төрөлд алтан медаль хүртэж. Эмэгтэйчүүдийн хэд дэх алтан медалийг авчирсан бэ?
-2018 онд Беларуст болсон ДАШТ-ээс манай гурван эмэгтэй тамирчин алтан медаль хүртсэн.  Тулааны төрлөөр бол би гурав дахь алтан медалийг хүртэж байгаа нь энэ.  Миний жинд их цөөхөн тамирчин оролцсон.  Хоёр тулаан хийгээд алтан медаль хүртлээ. 40-өөс дээш насны ангилал болохоор тун цөөхөн тамирчин оролцдог юм. Би Аргентин болон Грекийн тамирчинтай тулалдаж, алтан медаль хүртлээ.  Өнгөрсөн жил хатуугийн төрөлд алтан медаль хүртэж байсан тамирчинтай финалд өрсөлдөж, ялсан даа. 

-Эмэгтэй хүн таеквон-догийн спортыг сонгож хичээллээд. Одоо 40 нас хүрчихээд тулааны спортоор хичээлээд явж байгаа нь сонирхолтой санагдаж байна?
-Анх таеквон-до Монголд үүсч байхад хичээллэж эхэлсэн. Бие хамгаалах урлаг гэнэ гээд л ээж маань дагуулж очоод оруулсан. 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл хичээллэж байна. Өнгөрсөн хугацаанд Олон улсын шүүгч боллоо. Тавдугаар дантай болсон. Эхэндээ учраа мэдэхгүй очиж хичээллэсэн боловч сүүлдээ дурласан.  

-26 жилийн турш энэ спортоор хичээллэхдээ олон тэмцээнд оролцсон байх. Тэр түүхээсээ дурсвал?
-Бага, залуудаа өөрийнхөө жинд хэмжээндээ овоо л үздэг байлаа. 1997 оны Санкт-Петербугт болсон дэлхийн цомын тэмцээнд хөлөөрөө өшиглөж унагаж, хоёр ч удаа хүнд байдалд оруулж, од болж явлаа. Тухайн үед бид бэлтгэлээ сайн хийгээд, хичээгээд л оролцдог байсан. Гэхдээ л учраа олохгүй ялагдчихаад байдаг. Яасан юм бол гээд өнгөрдөг байсан тохиолдол олон бий. Одоо бодоод байхад олон улсын шүүгчгүйгээс болдог байсан юм билээ. Шүүгч ямар чухал болохыг ойлгоод, тэр чиглэлд анхаарч байна. Өөрөө олон улсын шүүгч болсон. 2017 онд анхны монгол шүүгчээр ажилласан. Энэ жил ч гэсэн тэмцээн шүүх гэж явсан. Гэвч даагаа нэхмээр санагдаад тэмцээнд оролцчихлоо.  Уг нь манайд нийтдээ долоон шүүгч байгаа. Гэхдээ хоёр нь л шүүгчээр идэвхтэй ажиллаж байна. Нэг ёсондоо уригдаж шүүдэг гэсэн үг. 

-Монголдоо бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?
-Тэмцээнгүй үед бямба гараг болгонд бэлтгэлээ хийдэг. Тэмцээний цикл эхэлбэл илүү эрчимтэй хийнэ. Өшиглөлт, цохилт, техник гээд бүхий л зүйлээрээ бэлтгэл хийнэ, үсэрч харайна. Манай спорт үнэхээр гоё шүү дээ, их олон төрөлтэй. Тэр болгонд таарсан бэлтгэлээ хийнэ дээ.  Цохидог, нүддэг, зодолддог бэлтгэлээ ч хийнэ. Тэр бэлтгэлээ хийхгүй бол бие өвдөнө шүү дээ. Монголын шигшээ багийн дасгалжуулагч н.Баярмөнх гэдэг хүний клуб байдаг. Өөрөө мастер ангилалд тулалддаг, хажуугаар нь биднийг дасгалжуулдаг. н.Баярмөнх багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хангаад, тэмцээндээ оролцдог юм. 

-Нүүр, нүдээ хавдтал цохиулж байсан түүх байдаг уу. Бэлтгэлийн үеэр ч юм уу?
-Тэмцээний үеэр тэгтлээ цохиулж байсан удаа байхгүй ээ. Өнгөрсөн жил Ө.Гантөмөрт хоёр нүд рүүгээ цохиулж байлаа. Бэлтгэлийн үеэр бид чинь тулалдана. Нас, хүйс гэлтгүй хэн нь л бол хэнтэй тулна. Тэмцээн дөхөөд ирэхээр бэлтгэлээ хангах гээд л тулалддаг. 

-Хэд хүртлээ “зодолдох” төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Би одоо 40-49 насны ангилалд оролцож байгаа.  Хэзээ болимоор санагдана,  тэр болтлоо л тулалдана гэж бодож байгаа даа. 

-Гэр бүлийнхэн чинь хэр дэмждэг вэ. Эмэгтэй хүн байж тулааны спорт хөөлөө гээд дургүйцэх үү?
-Эхэндээ дургүйцдэг л байсан. Олон жилийн хөдөлмөрийн үр шимийн дараа хүлээн зөвшөөрүүлж байна даа. Бид хоёр оюутан байхдаа нэг анги байсан. Тэр үедээ л Азийн аваргад оролцдог тамирчин байлаа. Ханьтайгаа суугаад 17 жил болж байна. Гурван сайхан хүүхдийн аав, ээж болжээ.  Тэмцээндээ оролцоно. Жирэмсэн үедээ тэмцээнээ шүүнэ. Төрчихөөд бэлтгэлээ хийгээд, дахиад л тэмцээндээ оролцоно. Намайг сайн дэмждэг болохоор л өдий хэмжээний амжилт гаргаж байна. Сая намайг алтан медаль авахаар өөрөө авсан юм шиг л хөөрч байсан. Ээж маань ч бас маш их дэмждэг. 

-Гадаад руу тэмцээнд явахад зардал мөнгөнөөс авахуулаад асуудал их. Тэмцээнд оролцох зардлаа хувиасаа л шийддэг үү?
-Хувиасаа л гаргана. Нөхөр маань үргэлж дэмжиж, санхүүгийн асуудлыг ч шийддэг. Б.Очирсүх гээд сайхан залуу бий, миний хань.