Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ны жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, “Москва-2010”, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий алт, “Будапешт-2013”-ын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг Нур-Султаны дэвжээнээс манайхны гурав дахь хүрэл медалийн эзэн боллоо.
С.Батцэцэг чөлөөт бөхийнхнөөс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны, дөрвөн медаль хүртсэн хоёр дахь тамирчин болж байна. Гавьят тамирчин О.Насанбурмаа дэлхийн аваргаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
Дэлхийн дэвжээнд долоо дахь удаагаа зодоглосон тэрбээр өчигдөр эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр, 1/8 шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьеваг 6:0-ээр тус тус ялсан.
Харин шөвгийн наймд дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонд цаг дуусахтай зэрэгцэн 5:6-гаар харамсалтай ялагдсан билээ. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр (12:2) ялснаар Токиогийн олимпийн наадмын эрхээ авсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Украиныг Алла Черкасоваг 2:2-оор ялж, “бөмбөрцөг”-ийн хүчтэн гэдгээ тод томруунаар харууллаа.