Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар өчигдөр Б.Ууганбаатар боллоо. Тэрбээр 1971 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод мэндэлж, 1989 онд нийслэлийн 45 дугаар сургууль, 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгсжээ.
Тэрбээр 12 настайдаа хуучны Спорт сургалтын төвийн багш "Буурал" хэмээх Дамбын Гансүхийн жүдо бөхийн секцэд хичээллэн, улмаар өсвөр, залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн аж. МУГТ Д.Баатаржавын "Харцага" клубт 1989-1993 онд цагаан кимонот тамирчны алба хааж байсан бол 2000-2007 онд "Аварга" дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар ажиллажээ.
Монгол-Лаосын Үндэсний олимпийн хороодын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2007-2011 онд Вьентьян хотноо тус улсын шигшээ багийн дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж, Зүүн өмнөд Азийн наадмын жүдогийн анхны мөнгө, хүрэл медалийг лаос шавь нар нь авчирч байжээ.