Хүн төрөлхтний их баяр цэнгэлийн нэг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д үргэлжилж байна. Өнөөдөр 20:00 цагаас F хэсгийн Швед болон Солонгосын шигшээ багийн тоглолт болно. Харин 23:00 цагаас G хэсгийн эхний тоглолт болох Бельги болон Панамын шигшээн тоглолт болох учиртай. Тэгвэл 02:00 цагаас монголчуудын хамгийн ихээр дэмжиж буй Английн шигшээ Тунисын багтай тоглоно. Тэгвэл эдгээр тоглолтоос Тунис болон Английн шигшээн “тулаан”-ыг онцолж байна. Англи болон Тунисын шигшээ 1998 оны зургадугаар сарын 15-нд дэлхийн аваргын G хэсэгт учраа таарахад “Гурван арслангууд” 2:0-ээр буулгаж авч байжээ. Энэ удаад ч гэсэн хоёр баг дэлхийн аваргын G хэсэгт багтсан нь сонирхолтой давхцал болж байна. Тунисын хувьд сүүлийн таван тоглолтынхоо хоёрт хожиж, хоёр удаа тэнцэж, нэг тэнцжээ. Хожлын хувь 53. Тэд Ираныг 1:0, Коста-Рикаг 1:0-ээр хожсон. Харин Португал, Турктэй 2:2-ээр тэнцсэн. Хамгийн сүүлд Испанитай тоглож, 1:0-ээр хожигджээ. Английн хувьд сүүлийн таван тоглолтдоо гурав хожиж, хоёр тэнцсэн. Хожлын хувь 73. Бразилтай хуурай, Италитай 1:1-ээр тэнцэж, шигшээ баг ямархуу чансаатай байгаагаа харуулсан. Мөн Недерландыг 1:0, Нигерийг 2:1, Коста-Рикаг 2:0-ээр буулгаж авсан юм.
Хоёр багтай холбоотой зарим сонирхолтой статистик.
Тунис
-Тунисын шигшээ дэлхийн аваргад оролцохдоо хэсгээсээ гарч үзээгүй. 1978, 1998, 2002 болон 2006 онд дэлхийн аваргад оролцсон. Харин 2010 болон 2014 онд оролцож чадаагүй юм.
-Набил Маалул Тунисын багийг удирдаад хамгийн сүүлд нөхөрсөг тоглолтод Турк, Португалтай тэнцсэн. Харин Испанид 1:0-ээр хожигдсон юм.
-Тунисын хувьд дэлхийн аваргын өмнө гол тоглогч болох Юсеф Мсакниг алдсан. Тэрбээр өвдгөндөө маш хүнд бэртэл авч, дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон.
Англи
-Англи болон Тунисын шигшээ түүхэндээ гурав дахь удаагаа учраа таарч байна. Хоёр баг 1990 оны зургадугаар сард нөхөрсөг тоглолт хийж, 1:1-ээр тэнцсэн. 1998 оны дэлхийн аваргад учраа таарахад Англи 2:0-ээр буулгаж авсан. Гоолуудыг Алан Ширер, Пол Скуолз нар оруулж байжээ.
-Английн шигшээ сүүлийн 10 тоглолтдоо ганц ч хожигдоогүй. Долоо хожиж, гурав тэнцжээ.
-Английн шигшээн гол тоглогч нь Харри Кейн. Тэрбээр “Тоттенхэм”-д тоглож байгаа бөгөөд сүүлийн хоёр улиралд бүх тэмцээнд 38 болон 45 гоол оруулсан.